Жигд бус ачилттай транзит чингэлэгтэй ачааг хориглов

Жигд бус ачилттай транзит чингэлэгтэй ачааг хориглов

2017/03/01 – с эхлэн Хятадын Тианжин боомтоор дамжин ирж байгаа жигд бус ачилттай /unbalanced/ транзит чингэлэгтэй ачааг Хятадын төмөр замаар хүлээн авахыг хориглов. Төмөр замын аюулгүй байдлын стандартыг хангах үүднээс уг арга хэмжээг авч байгаа бөгөөд уг чингэлэгтэй ачааг засагдсаны дараа авто тээврийн хэрэгслээр гаргах юм байна.

Жигд бус ачилт гэж юу вэ?

Чингэлэгт ачааг ачихдаа ачааны хүндийн төв, жинг чингэлгийн урт, өргөнд тохируулан зөв хуваарилж ачих ёстойгоос гадна ачааны бэхэлгээг дагуу болон хөндлөн шилжилт хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлж ачааны овор хэмжээ, жинд зөв тохируулан маш сайн хийсэн байх ёстой байдаг. Тээвэрлэлтийн явцад бэхэлгээ сулрах, ачаа нэг тийш хэт хазайх гэх мэт хөдөлгөөнөөс шалтгаалах ч магадлалтай.

Монголын импортлогчид  далайн чанадаас бараа худалдан авахдаа ихэвчлэн FOB буюу илгээх боомт дээр, усан онгоцны тавцанд тавигдсан байдлаар барааны худалдан авалт хийдэг. Энэ тохиолдолд чингэлгийн ачилтыг илгээгч тал бүрэн хариуцдаг бөгөөд уг ачаатай чингэлэг Тианжин боомтод ирж төмөр замд ачигдахад зарим тохиолдолд жигд бус ачилтын доголдол гардаг бөгөөд үүнээс үүдэн гарах зардал тээврийн хөлсөн дээр нэмэгдэх болдог. Түүнээс гадна авто тээврийн зардал төмөр замын тээврийн хөлснөөс өндөр байдгаас илүү зардал гарах болно. Иймд та худалдааны гэрээгээ хийхээр төлөвлөж байгаа бол чингэлэг доторх ачааг ачих, бэхлэх нөхцлийг нарийн тусгаж эрсдэлээс сэргийлэх боломжтой.