Монгол, Орос, Хятад гурван орныхон төмөр замын асуудлаар чуулж байна

Монгол, Орос, Хятад гурван орныхон төмөр замын асуудлаар чуулж байна

“Транзит Монгол 2017” олон улсын форумд гурван улсын төрийн байгууллага, тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч, хил гаалийн байгууллагууд оролцож байна. Монгол Улс төмөр замын нөөц боломжоо танилцуулж, цаашдын хөгжлийн бодлого, төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, хил нэвтрэлтийн талаар болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд тээвэр зуучийн байгууллага, төмөр зам, далайн боомтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Олон улсын форумд Ерөнхий сайд илгээлт ирүүллээ.

Транзит Монгол 2017″ олон улсын форумд ирүүлсэн илгээлтдээ Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг хангах, зам тээвэр, ложистикийн сүлжээ, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хоёр том гүрний дунд орших Монгол улс хоёр хөршөө төдийгүй Ази, Европыг холбох хамгийн дөт зам байх юм. Сүүлийн жилүүдэд Монгол, Орос, Хятад гурван улсын хоорондын худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтын хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдэж, 2015 онд Монгол-Хятадын худалдааны эргэлт 7.3 тэрбум ам.доллар, Хятад-Оросын худалдааны эргэлт 64.2 тэрбум ам долларт хүрчээ.

Өнгөрөгч онд Ташкент хотноо Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтаар гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр нь “Бүс ба зам” төслийн хүрээнд бий болох зургаан том коридорын нэг болох юм.

2015 онд хөрш хоёр улсын Монголын худалдааны эргэлт 68 тэрбум ам.доллар байсан бол Монголын талын зам төмөр замын коридорууд байгуулагдсанаар 2020 онд худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байна.

Орос, Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний таван шугамын Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамнасан бусад дэд бүтцийг үүсгэх “Талын зам”  стратегийн санаачилга юм. “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийн хүрээнд таван жилийн хугацаанд нийт 32 төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг дуулгасан.

“Транзит Монгол 2017” олон улсын форумын гол сэдэв нь Хятад, Европыг холбосон галт тэрэгний замын бүтээн байгуулалт болон хөгжлийн төлөвлөгөөнд үндэслэн дамжин өнгөрөх Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын хилийн боомт, цаашлаад Монгол улс ОХУ-ын Транс Сибирийн төмөр замтай холбон Европын орнуудад хүрэх замыг идэвхжүүлэх, бараа товарын тоо хэмжээг нэмэгдүүлэн 3 улсын хамтын ажиллагааг өргөжин тэлэх 3 улсын Засгийн газрын нэгдсэн бодлогыг урагшлуулах зэрэг томоохон сэдвүүдийн доор хуралдаж байна. Мөн БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” бодлогыг дэмжин Монгол улсын Талын зам бодлоготой уялдуулж, Хятад – Монгол – Орос 3 улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад түлхэц өгөх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гишүүн тээвэр зуучийн 24 байгууллага “Транзит Монгол 2017” форумд оролцоно.

Энэ үеэр тус холбооны  тэргүүн Б.Лхагвасүрэн “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны танилцуулга, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавих бөгөөд форумын төгсгөлд CIFA  буюу БНХАУ-ын Тээвэр зуучийн холбоотой  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.