Хэрхэн зөв тээвэр зуучлагч компаниа сонгох бэ? | Asian Way

Хэрхэн зөв тээвэр зуучлагч компаниа сонгох бэ?

Логистикийн оновчтой систем танай компанийн амжилтын түлхүүр гэдэгтэй таны санал нийлэх үү?  Бараа, бүтээгдэхүүнээ төлөвлөсөн цаг хугацаанд нь бүрэн бүтэн, эрсдэлгүй тээвэрлэн  хүргэж, хэрэглэгчийнхээ захиалгыг тасралтгүй ханган нийлүүлэх зөв нөөцтэй  байхын тулд танд логистикийн үр дүнтэй менежмент хэрэгтэй. Тэрхүү менежментийн багийг танай компани бүрдүүлэхийн тулд олон жилийн туршлага  хэрэгтэйгээс гадна зардал өндөртэй. Харин мэргэжлийн тээвэр зуучлагч эсвэл тээвэр логистикийн компанитай гэрээ хийн аутсорсинг хийхээр шийдсэн бол танай компанийн бараа бүтээгдэхүүнээс авахуулаад бизнесийн төлөвлөгөө, компанийн зорилт хүртэл маш олон хүчин зүйлээс шалтгаалсан том шийдвэр гаргах шаардлагатай тулгарна.

Та Тээвэр Логистикийн Компани сонгосноор дараах давуу талууд үүснэ

  • Таны бизнесийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй,  хялбар болгоно
  • Бага зардал гаргахын зэрэгцээ зардлаа хянахад хялбар
  • Нийлүүлэлтийн гинжин хэлхээний оновчтой шийдлийг гаргана
  • Компанийнхаа бусад чухал асуудлуудад төвлөрөх цаг гарна
  • Хэрэглэгч тань сэтгэл ханамжтай үлдэх болно
  • Тээвэрлэлттэй холбоотой алдаа гарах эрсдэл багасна

Тээвэр зуучлагч болон тээвэр логистикийн компани сонгохоор шийдсэн бол дараах алхамуудыг хийгээрэй

  1. Тээвэр логистикийн хэрэгцээт үйлчилгээнийхээ мэдээлэл, шаардлагуудаа тодорхойлон тусгасан сонгон шалгаруулалтын баримт бичиг буюу request for Information (RFI) хийгээрэй
    • Авах үйлчилгээний жагсаалт (тээвэр, агуулах, хүргэлт гэх мэт)
    • Бараа бүтээгдэхүүний нэр, олон улсын нэршил, барааны уялдуулсан код /HS code/
    • Шаардлагатай үйлчилгээний тоон мэдээлэл (хэрэгцээт агуулахын хэмжээ, машины тоо, тээвэрлэх бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ гэх мэт )
    • Тээвэрлэлт хийх давталын тоо, хугацаа
    • Тээвэрлэлт, хадгалалтын нөхцөл
    • Гадаад худалдааны нөхцөл (INCOTERMS)
    • Даатгалын мэдээлэл
    • Үнэ, төлбөрийн мэдээлэл
    • Чанар, аюулгүй байдлын шаардлага
    • Шаардлагатай бичиг баримтын жагсаалт гэх мэт
  1. Энэхүү баримт бичгээ (RFI) сонгон шалгаруулалтад оролцох урилгын хамт мэргэжлийн компаниудад хүргүүлээрэй

Хамтран ажиллах компаниа сонгохдоо тухайн компанийн нөөц бололцоо,  туршлага, үйлчилгээний чанар  зэрэг голлох хүчин зүйлүүдийг богино хугацаанд судалж  үзээд, боломжтой гэж үзсэн компаниудад урилгын хамт  RFI материалаа илгээнэ.

  1. Компаниудаа цөөлж эхэл

Одоо та нэгэнт сонирхсон компаниудын жагсаалттай болсон  болохоор зөвхөн таны хэрэгцээнд нийцэх компаниудыг шигшин авч улдээд, шалгарсан 2 эсвэл 3 компанийг сонгож  нүүр тулсан ярилцлага хийгээд үнийн санал, бүрдүүлсэн материал зэргийг нь нарийн  судлаарай.

  1. Тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлэх компаниа сонго эсвэл бүр логистикийн үйлчилгээний аутсорсинг хийх  3PL (Third party logistics Provider )  компанийг сонго

Эцэст нь та хамгийн найдвартай, боломжийн үнэтэй бизнесийн хамтрагчаа сонгох л үлдлээ. Ингэхдээ танайхтай төстэй бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байсан туршлагатай нэгнийг сонгохоо мартаваа.  Жишээ нь хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх гэж байгаа бол хөргөлттэй тээврээр мэргэшсэн баг хамт олныг, харин аюултай болон химийн бараа бүтээгдэхүүний тээврийн логистик маш онцлогтой тул зайлшгүй туршлагатай компани сонгох  хэрэгтэй.

Таны шаардлагад төгс нийцэх Логистикийн үйлчилгээний аутсорсинг 3PL дараах 10 чанарыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

3PL компанийг  сонгоно гэдэг бол шинэ охин компани байгуулахтай адил учраас хэрэглэгч төвтэй, зардалын хувьд үр ашигтай компанийг сонгох хэрэгтэй. Тиймээс дараах 10 шаардлагыг заавал авч үзэж бай.

  1. Сайн байгууллагын соёлтой компани. Ялангуяа хамтран ажиллах үеийн харилцаа холбоо болоод байгууллагын соёл сайн байх хэрэгтэй.
  1. Нэр хүндтэй компани. Тухайн компанийн авч байсан шагнал урамшуулал, хамтран ажилладаг байгууллагууд, сонин сэтгүүлд нэр нь дурдагдаж байсныг шалгаад үзээрэй. Бүр нарийвчлаад санхүү болоод үйл ажиллагааны хувьд судлаад үзээрэй.
  1. Шуурхай, халамжтай үйлчилгээтэй компани. Бараа бүтээгдэхүүн цаг тухайд нь хэрэглэгчид хүргэнэ гэдэг компанийн нэр хүндтэй холбоотой чухал асуудал, харин таны энэхүү нэр хүндтэй холбоотой асуудлыг ойлгодог, хүндэтгэдэг компани байх хэрэгтэй. Шуурхай нөхцөл байдалд 7 хоногийн 24 цагийн хэдийд ч уулзахад бэлэн байх хэрэгтэй.
  1. Уян хатан хамтын ажиллагаатай компани. Хамгийн шилдэг 3PL компани захиалгыг шуурхай биелүүлдэг, хэрэглэгчийн хүсэлтэнд тааруулж өөрчлөгдөх чадвартай, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх чадвартай байх хэрэгтэй.
  1. Туршлагатай компани. Туршлагыг мэдээж үйл ажиллагаа явуулсан жилээр нь тодорхойлж болно. Мөн логистикийн салбарын хувьд туршлагатай баг хамт олон таны ачааг хүргэх хамгийн оновчтой, товч замыг олж чаддаг байх хэрэгтэй.
  1. Дэвшилтэд технологитой компани. Мөрөөдлийн 3PL компани хамгийн сүүлийн үеийн IT системийг суурилуулсан. Интернетээр захиалга хүлээн авдаг, таны ачааг цаг тухайд нь хаана явааг мэдээлж чаддаг, хэрэглэгчид шаардлагатай тайланг боловсруулж, өгөгдөлийг үнэлж чаддаг байх хэрэгтэй.
  1. Таньтай хамт цаашид хөгжих чадвартай компани. Зөвхөн одоохондоо таньтай хамтран ажиллах биш ирээдүйд таньтай хамтран ажиллаж, мөр зэрэгцэн хөгжиж чаддаг байх хэрэгтэй.
  1. Салбартаа мэргэшсэн компани. Жишээ нь Тээвэр зуучлалын компани сонгохоор шийдсэн бол Тээвэр зуучлалын салбарыг ганцхан бараа бүтээгдэхүүн тээвэрлэх гэсэн үгээр ойлгож болохгүй. Бараа бүтээгдэхүүний онцлог, тээврийн хэрэгсэлийн хурд, загвараас хамаараад тээвэр зуучлалын компаниуд тодорхой чиглэлээр мэргэшсэн байдаг. Тиймээс та өөрийнхөө салбарт тохирсон компанийг сонгох хэрэгтэй.
  1. Оновтой газар зүйн байрлалтай компани. Логистикийн компанийн хувьд агуулахын байрлал маш чухал, тиймээс өөрт шаардлагатай байрлалд үйл ажиллагаа явуулдаг тээвэр зуучийн компанийг сонгох хэрэгтэй.
  1. Өрсөлдөхүйц үнэ санал болгох компани. Логистик бол маш өрсөлдөөнтэй салбар, МУ-ын хувьд 40 гаруй тээвэр зуучлалын компани үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг. Та тэднээс өрсөлцөхүйц үнэ санал болгож чадах компанийг сонгох хэрэгтэй. Гэхдээ үнийн урд найдвартай гэдэг үг хэзээд явах болохыг анхаараарай.