Хятад улсын төмөр замын тээвэр, Тяньжин боомт,

БНХАУ- ын төмөр замын тээвэрт анхаарах зүйлс болон Тяньжин боомт

Хятадын төмөр зам манай орны төмөр замаас царигийн ялгаатай байдгаас гадна вагоны хэмжээ, багтаамж, тээвэрлэлтийн нөхцөл, журам нь өөр байдаг. Хятадаас болон далайн чанадын гуравдагч улсаас импортлох барааны тээвэрлэлтийн зардал хуурай газраар татсанаас илүү хямд байдаг учраас манай ихэнх импортлогчид ачаагаа Хятадын Тяньжин боомтоор дамжуулан далайгаар тээвэрлүүлдэг. Иймд танд Хятадаар дамжуулан бараа импортлох үед зайлшгүй мэдэж байх ёстой дараах гол шаардлага, мэдээллийг хүргэж байна. Хүлээн авна уу.

Таны бизнесийн тээвэр, логистикийн эрсдлийг хамтдаа удирдъя.

1. Чингэлэгт аливаа ачааг ачихдаа чингэлгийн өөр дээр бичээстэй байдаг чингэлгийн даацын хэмжээнээс хэтрүүлэхгүй жинтэй ачих ёстой бөгөөд БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин ирж байгаа ачааны бохир жин, чингэлгийн өөрийн жинтэй (TARE) нийлээд:

  • 20’ фитийн чингэлэгт 24’000 кг-аас хэтрүүлэхгүй
  • 40’ фитийн чингэлэгт 30’480 кг-аас хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Хэрэв уг жингээс хэтэрвэл Тяньжин дахь төмөр зам уг ачааг хүлээн авахгүй бөгөөд чингэлгийг Тяньжин боомтоос Замын-Үүд хүртэл автомашинаар тээвэрлэх шаардлагатай болдог. Гэхдээ авто тээврийн зардал нь төмөр замын тээврийн зардлаас өндөр байдаг тул төлөвлөсөн зардлаар тээвэр хийгдэх боломжгүй болно гэсэн үг. Иймд анх нэг чингэлэгт ачих ачилтын хэмжээг илгээгчтэй урьдчилан сайн тохирч, гарч болох нэмэгдэл зардлаас сэргийлээрэй.

2. Аливаа тээврийн хэрэгсэл/чингэлэгт ачааг ачихдаа ачааны жинг тээврийн хэрэгслийн урт, өргөнд жигд хуваарилан, хүндийн төвийг голлуулж, тэнцүүлэн ачих ёстой байдаг. Хятадын төмөр зам дараах 2 нөхцөлтэй шаардлага тавьдаг:

  • Далайн чандаас (3дагч орноос) Тяньжин боомтоор дамжин ирж буй чингэлэгтэй ачааны хувьд ачааны жигд бус ачилтыг хэмжиж тодорхойлдог бөгөөд ачааны хүндийн төвийг чингэлэгт жигд тараан байрлуулаагүйгээс жигд бус ачилт гарч тухайн чингэлгийг Хятадын төмөр зам хүлээж авахаас татгалзах бөгөөд авто тээврийн хэрэгслээр тээвэрлэх шаардлага гардаг. Авто тээврийн зардал нь төмөр замын тээврээс илүү зардалтай байдаг түл төлөвлөсөн зардлаар тээвэр хийгдэх боломжгүй болно. Иймд чингэлэгтэй ачааны жигд бус ачилтаас сэргийлж илгээгчтэй зөв ачилтын талаар урьдчилан тохирч, худалдааны гэрээндээ нарийн тусган гарч болох нэмэгдэл зардлаас сэргийлээрэй.
  • Хятадаас импортолж байгаа боловч Тианжин боомт дээр гаалийн бүрдүүлэлт хийн, тэндээсээ вагонд ачигдан Монголруу ирж буй чингэлэгтэй ачааны хүндийн төвийг тааруулаагүй ачсан тохиолдолд тухайн чингэлгийг нээж, тэнцүүлж ачих бөгөөд тухай бүрт нь хүлээн авагчид мэдэгдэж тээврийн хөлсөнд нэмэлт зардал гарна. Энэ үед ачааг чингэлэгт анх ачсан зургаа өгөхийг шаарддаг ба цөөхөн тохиолдолд зурган дээр өөрөөр ачих боломжгүйг баталвал нэмэлт зардалгүйгээр цааш тээврийг үргэлжлүүлэх боломжтой байдаг.

3. Төмөр зам 20’ фитийн чингэлгийг вагонд заавал хослуулж ачдаг бөгөөд хэзээ ч дангаар нь тээвэрлэдэггүй. Энэ шаардлагыг Хятадын төмөр замд маш хатуу мөрддөг. Энэ шаардлага гуравдагч орноос импортолж байгаа болон Хятадаас импортолж байгаа 20’ фитийн чингэлэгт хоёуланд нь хамаатай тул вагонд хослуулан ачих өөр 1*20’чингэлэг хүлээн зогсож хугацаа их шаарддаг. Гол нь эдгээр 1 вагонд ачигдах 2ш 20’фитийн чингэлэгтэй ачааны жин, чингэлгийн жинтэй нийлээд жингийн зөрүү 5 тонноос хэтрэхгүй байхыг шаарддаг тул энэ шаардлагыг хангах жинтэй чингэлэг хүлээнэ гэсэн үг юм.

4. Далайн чанадаас БНХАУ-аар дамжин ирж буй транзит чингэлгүүдийг Тяньжингээс өөр Хятад улсын бусад боомтоор дамжуулах боломжгүй.

5. БНХАУ-аар дамжин ирж буй транзит ачааны тээврийн баримт дээр гурваас дээш БТКУС код/HS code/ бичихгүй байх.

6. БНХАУ-ын Тяньжин боомтын журмаар тус боомтоор дамжин өнгөрөх будаа, зөгийн бал, шош, хуурай сүү, эрдэнэ шиш болон бусад органик бүтээгдэхүүнүүд хорио цээрийн бичиг /Phytosanitare Certificate/ болон барааны гарал үүслийн гэрчилгээг /Certificate of Origin/ заавал урьдчилан бэлдсэн байх шаардлагатай байдаг. Эдгээрийг бараа үйлдвэрлэгдсэн газраас авна. Хэрэв боомт дээр гэнэтийн үзлэг шалгалт орвол чингэлэг  тус бүр дээр нэмэлт зардал гарна.

7. БНХАУ-ын Тяньжин боомтын журмаар тус боомтоор дамжин өнгөрөх чихэр, шингэн хүнс, жигнэмэг, архи, тос болон бусад хүнсний бүтээгдэхүүнүүд нь урьдчилан барааны гарал үүслийн гэрчилгээ /Certificate of Origin/, эрүүл мэндийн гэрчилгээ /Health Certificate/ заавал авсан байх шаардлагатай.

8. Тээвэрлэлтийн явцад гарч болзошгүй хувьсах болон нөхцөл байдлаас шалтгаалан гарах  зардлууд:

  • Хадгаламжийн зардал, чингэлэг түрээсийн зардал
  • Худалдааны бичиг баримтын зөрүү, дутуугаас зогсох хил, гааль, мэргэжлийн хяналт дээрх сул зогсолтын зардал
  • мэргэжлийн байгууллагын шаардлага биелүүлээгүйтэй холбоотой бусад зардал
  • жигд бус ачилт, даац, жин хэтрэлтээс шалтгаалан гарсан аливаа зардал
  • чингэлэг бохирдуулсан, гэмтээсэн тохиолдолд цэвэрлэгээ, засварын зардал
  • ачилт, буулгалтанд өгөгдсөн хугацаанаас хэтэрсэн тохиолдолд гарах тээврийн хэрэгслийн сул зогсолтын зардал гэх мэт.

Хэрэв танд олон улсын болон Монгол улс дотор тээвэр логистикийн үйлчилгээ хэрэгтэй бол бидэнд хандаарай. Бид дэлхийн өнцөг булан бүрээс төмөр зам, далай, агаар, автын тээврийн хэрэгсэлийг ашиглан, логистикийн хамгийн оновчтой шийдлийг танд гарган өгөх болно. Танд амжилт хүсье!